Номын тэмдэглэл — “Хөөрөх мөч”, Мелинда Гейтс

Namuun Otgonbaatar
2 min readAug 25, 2021

--

“Үр хүүхдээ өөр дээрээ байлгах нь өрөөл бусдад өргүүлэхээс илүү түүнийг шаналгаж байлаа.”

“Гурван удаа дараалан төрж, гурав дахь дээрээ амь насаа алдсан, даралт ихтэй Мария, найман хүүхэд төрүүлсэн боловч тэжээж чадахгүйгээсээ болж гурвыг нь хүнд өргүүлсэн Лорде” гээд олон ээжийн гунигт түүхээр аялав. Үнэндээ Мелинда бусад намтар бүтээл шиг өөрийн амжилтад хүрсэн түүх, аливааг хэрхэн ойлгож, ухаарсан тухайгаа тэгтэл их өгүүлээгүй нь сайшаалтай санагдав. Хэний ч амьдрал, туулж буй бүхэн зөвхөн өөрөөс нь шалтгаалдаггүй, өөрийнх нь амжилт байдаггүй гэдгийг энэхүү номоос илүүтэй ойлгож авах байх.

Мелиндагийн түүх мэт боловч үүгээрээ дамжуулан дэлхийн хамгийн алслагдмал, хуулиас гадуурх нутагт амьдран сууж буй ээж нарын түүхийг олон нийтэд таниулж, үнэн мөнийг нь өгүүлж байгаа нь бахархууштай. Үнэндээ унших явцад Мелиндагийн өөрийн болон гэр бүлийнхээ тухай өгүүлж буй хэсгүүд бусад олон гайхалтай ээж нарын түүхийн дэргэд бүдгэрч, тийм ч гойд сонин байхаа болив. Магадгүй тэдгээр ээжийн түүхийг товойлгон харуулах нь түүний гол зорилго байсан ч байж болох юм. Тэр нь ч энэхүү номыг илүү үнэ цэнэтэй болгож буй биз.

Дэлхийн томоохон сангуудын дотор өрнөж буй хэлэлцээрүүдэд олон нийт ихэнхдээ сэжиглэнгүй, үл итгэсэн байдалтай ханддаг. Ялангуяа Гейтс сан бол хамгийн их хэл амд өртдөг сангуудын нэг. Тиймээс тэдний үйл хэрэг хэрхэн явагддаг, шинэ санаа хэрхэн бүрэлдэж, бодитоор хэрхэн хэрэгждэг зэрэг нарийн үйл явцынх нь талаар түүний номоос бага ч болов мэдлэг, мэдээлэлтэй болж аваарай.

Уншихад сонирхолтой боловч нэг цаг үед амьдарч байгаа гэхэд итгэхэд бэрх амьдралыг туулж яваа ээжүүдийн түүхийг унших зүрх зүсэм байлаа. Гэхдээ тэднийг байдаг гэдгийг, ийм амьдрал оршиж буйг мэдүүлж, ойлгуулж байгаа нь өөрөө маш том алхам билээ.

“Хэдийгээр хүн гэдэг амьтан зовлон дааж чаддаг бловч өөр хэн нэгэнд ямар ч үнэ цэнгүй гэдгээ мэдэх үед амьдрах хүслээ гээдэг.”

--

--

Namuun Otgonbaatar

#BookReviews and #TipsAndTricks for new moms | Journalist, Blogger and Podcaster 🖤https://www.youtube.com/channel/UCl3trNbajo0bpexhwTcPde