Номын тэмдэглэл — “Тахал”, Альбер Камю

Namuun Otgonbaatar
2 min readDec 31, 2021

--

Ид цар тахалын үед “Тахал” унших бас л янзын байсан. Тэдний туулсан бүхнийг туулаад ч байгаа юм шиг. Ондоо нь тэд сууриндаа, бид гэртээ хоригдсон байв; Тэд хүмүүстэй биечлэн уулзаж, кофе уун, хамт хооллож байсан бол бид виртуал орчинд аж төрж байлаа. Харин ижилхэн зүйл нь өвчин зовлон, үхэл хагацал, хашигдсан байдлаас илүүтэй цар тахалд идэгдсэн бидний сэтгэлзүй байв.

Хэзээ ч дуусахгүй мэт үргэлжлэх үхэл дагуулсан өдрүүд, хэзээ юу болох нь үл мэдэгдэх тодорхойгүй өдрүүд, эрх чөлөөгөө алдсан гэх бидний бодол, мэдрэмж хэнийг ч ялгалгүй дотроос нь иднэ. Тахал хүмүүсийг хүчээр нэгтгэн нэг бүслэлтэд оруулсан байтлаа эргээд ийнхүү задалж, хэн хүнийг ялгалгүй ганцаардлын ангалд унагаж, яах ийхийн зуургүй бидний амьдралыг хутган үймүүлж орхисон юм.

Тахал дэгдэхээс өмнө тэд өөрсдийн хувьд нэн чухал болов ч бусдын хувьд огтхон ч онц сонин биш өч төчнөөн ялих шалихгүй зүйлийг шагшин, бүхий л цаг хугацаагаа тэдгээрт зориулан мөр, мөрөөрөө амьдарч асан бол цар тахал дэгдмэгц тэдгээр зүйлийн ач холбогдол үгүй болж, нэгнийгээ илүүтэй хайхарч, тэдний үзэл бодол, амьдрал ахуйг сонирхож эхэлжээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам юм бүхэн тэр ч байтугай хайр сэтгэл хүртэл хачирхалтай гэмээр улигт үзэгдэл болон хувирсан байв.

Бидний хувьд ч хэн нэгний амьдралыг анхаарч үзэх, тэдэнд юу тохиолдож, юу туулж буйд цаг гаргах боломжгүй завгүй өдрүүдээс ийм л уйтгартай, ганцаардмал боловч хамт хашигдсан хүмүүстэйгээ сэтгэлээр холбогдож, эргээд дотноссон сонирхолтой үеийг туулж өнгөрүүлжээ. Аймшигт өдрүүд ард хоцрох ч бид өмнөх шигээ аж төрж чадах болов уу?

“Тахлын нян бүрмөсөн үхдэггүй, алга болдоггүй, тавилга, хуучин хувцаст хэдэн арван жилээр нуугдаж, өрөө тасалгаа, зоорь хонгил, чемодан сав, хуучин бичиг цаасан дунд тэвчээртэйеэ хүлээн, нэгэн нартай өдөр хүмүүст гай зовлон хийгээд сургамж өгөхөөр хархуудаа сэрээж, тэд аз жаргалтай хотын гудамж талбайд үхэтхийн унах болно.”

--

--

Namuun Otgonbaatar

#BookReviews and #TipsAndTricks for new moms | Journalist, Blogger and Podcaster 🖤https://www.youtube.com/channel/UCl3trNbajo0bpexhwTcPde