Номын тэмдэглэл — “Дуугай”, Сьюзан Кейн

Namuun Otgonbaatar
3 min readFeb 12, 2022

--

Интровертуудын гарын авлага гэлтэй энгийн тодорхойлолтоос эхлээд олон янзын судалгааны үр дүн, бодит түүхээр баялаг ном байлаа. Зузаан ч гэлээ сонирхолтой судалгаанууд, тэдгээрээс гарсан үр дүн, өөрчлөлтүүд нь сонирхол татаж, унших сэдлийг төрүүлж байв.

Тэдгээрийн дотроос сонирхлыг минь хамгийн их татсан нэг судалгааг дурдвал: XX зууны хамгийн нөлөө бүхий сэтгэл судлаач Жером Каган 4 сартай хүүхдүүдийг туршилтад оруулж шинэ эд юмс, сэдээлтэд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаар нь насанд хүрээд экстраверт болох уу интроверт болох уу гэдгийг нь тодорхойлохоор шийдэж л дээ. Хэсэг бүлэг хүүхдүүд тэдгээр шинэ зүйлсийг харах нь битгий хэл тоох ч үгүй байсан бол нөгөө бүлэг хүүхдүүд нь байдгаараа бархирч, уйлж, орилж байв.

Каганы баг судалгааны үр дүнд идэвхтэй хариу үйлдэл үзүүлсэн хүүхдүүд нь интроверт, харин идэвхгүй хариу үйлдэл үзүүлсэн хүүхдүүд нь экстраверт болох магадлал өндөр гэсэн дүгнэлтийг гаргажээ. Сонирхолтой байгаа биз. Миний хувьд эсрэг үр дүнг таамагласан байв. Энэ хариу үнэхээр гайхшруулсан ч үр дүнгийн тайлбар нь түүний дүгнэлтийг бататгаж өгсөн юм.

Интроверт хүмүүс ямарваа нэгэн шинэ өөрчлөлтөд үргэлж мэдрэг ханддаг бөгөөд шинэ хүнтэй уулзах, шинэ орчинд орохоороо сандарч тэвдэх, яах учраа олохгүй байх зэргээр хариу үйлдэл үзүүлдэг бол эсрэгээрээ экстравертууд харьцангуй бага буюу зарим тохиолдолд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй ч тохиолдол гардаг ажээ.

Би өөрөө интроверт хүн тул номын олон агуулгатай санал нийлж байлаа. Гэхдээ өөрийнхөө тухай илүүг олж мэдэх хүслээс илүүтэй хүүхдийн сэтгэлзүй, зан араншингийн талаар өгүүлж буй хэсгүүд нь энэхүү номыг уншиж дуусгахад голлон нөлөөлсөн гэж хэлж болно.

Ерөнхийдөө номд өгүүлснээр олон хүүхэд багваахай цэцэг мэт ямар ч орчинд “ургах” чадвартай байдаг бол Каганы судалгаанд дурдагдсан хэт идэвхтэй, мэдрэг хүүхдүүд цахирмаа цэцэг шиг гундахдаа амархан боловч таатай орчин нөхцөлд илүү гайхалтай “ургаж” чаддаг байна. Өөрөөр хэлбэл цахирмаа цэцэг шиг хүүхдүүд сайн, муу зүйлсийг илүү эмзэг хүлээж авдаг ажээ.

Судалгаанаас үзэхэд сайн эцэг эхтэй, халамж хайранд өссөн хэт мэдрэг хүүхдүүд бусдыгаа бодвол сэтгэлзүйн эмгэгт өртөх магадлал нь бага байдаг төдийгүй ихэнх тохиолдолд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, нийцтэй нэгэн болж өсдөг. Заримдаа хэт их баяр хөөр, хэт их гуниг зовлон гээд хүчтэй сэтгэл хөдлөлд автдаг. Үүгээр ч зогсохгүй биет болон хийсвэр мэдээллийг илүү гүнзгий боловсруулдаг буюу ааш зангийн үл ялиг хувирал гэх мэт бусдын анзааралгүй орхидог жижиг сажиг зүйлсийг ч ажиглаж мэддэг.

Над шиг хүүхэдтэй хүмүүст бол энэ мэт хүүхдийн сэтгэлзүй, зан араншингийн талаарх хэсгүүд нэлээд сонирхлыг нь татах байх. Мөн энэ номд экстравертуудыг муулж, интровертуудыг тахин шүтээгүй хандлага нь уншихад илүү амар болгож байсан гэж хэлж болно. Тиймээс та энэ номоос интровертүүдийн талаарх магтаал, сайшаал мэтийн зүйл хүлээх хэрэггүй. Харин интровертүүдэд ямар давуу тал байдаг, тэдгээр давуу талаа ашиглавал өөртөө ямар том ертөнцийг нээж чаддагыг, мөн интроверт гээд шинэ өөрчлөлт бүрт сандарч тэвдэж айх биш үүнийгээ хэрхэн даван туулж болох талаар уншиж мэдэх боломжтой.

Миний хувьд интроверт ч гэлээ ямар үед хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, сандрах, айхаас илүүтэй үүнийгээ хэрхэн даван гарч, өөрөөр хариу үйлдэл үзүүлж болохыг амьдралынхаа явцад олж мэдэн, түүнийгээ санах ойдоо суулгачихсан гэдгээ олж мэдсэн. Үүнийхээ ачаар олон хэцүү сорилтуудыг даван гарч, туулж ирснээ ч ойлгосон юм.

Экстраверт байснаараа л үнэлэгдэж, бусдад тоогддог гэдэг хандлага өөрчлөгдөж хүн төрөлхтнийг зөвхөн интроверт, экстраврт гэх хоёр ангилалд хуваах бус хүн бүр онцгой, нэгнээсээ өөр гэдгийг ойлгодог болж буй энэ үед уг номоос өөрийнхөөрөө үнэлэгдэх тэр ертөнцдөө өөрийнхөөрөө амьдарч болно гэдгийг багахан ч болов ойлгож авах байх гэдэгт итгэлтэй байна.

#booksiread #booksof2021

--

--

Namuun Otgonbaatar

#BookReviews and #TipsAndTricks for new moms | Journalist, Blogger and Podcaster 🖤https://www.youtube.com/channel/UCl3trNbajo0bpexhwTcPde